Өнөөдөр манай аймагт Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ажиллаж байна. Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, шинээр орон сууц барих ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор гэр хороололд орон сууц барих ажлыг Эрдэнэт хот эхлүүлж буй. Тиймээс хөгжлийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, газар зохион байгуулалт, зам тавих, гэрэлтүүлэг хийх зэрэг ажлуудыг сайтар төлөвлөхийг салбарын сайд онцоллоо.
Шинээр орон сууц барихад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэхэд өндөр дүнтэй төсөв батлагддаг. Ингэхдээ ажлын байр нэмэгдүүлэх, тухайн хороололд амьдарч буй иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг шийдэх ёстой. Тиймээс байшин барилга гэхээсээ илүү ерөнхий төлөвлөгөөг гаргаж, нухацтай хандахгүй бол Эрдэнэт хотын замын хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх эрсдэлтэй гэдгийг санууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 9821 ипотекийн зээл олгосон байна. Орхон аймгийн хэмжээнд 6 хувийн ипотекийн зээлд 668 хүн хамрагдсан. Үүнээс харахад Эрдэнэт хотод байр, орон сууц худалдан авах чадвар өндөр байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс хот төлөвлөлтийг зөв гаргаж, нийтийн тээвэр замын ачааллыг анхаарч, орон сууц барихыг сайд онцлон сануулж байна.