Бид хэзээ цэвэрхэн автобусанд сууж, соёлтой үйлчилгээг авах бол. Иргэд санал гомдол гаргаж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн ч нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагаа одоог хүртэл зорчигчдын сэтгэлд нийцэхгүй байна. Энэ нь манай аймагт нийтийн тээврийн үйлчилгээний өрсөлдөөний зах зээл байхгүй байгаагийн тод жишээ юм. Өрсөлдөөн байгаа газарт иргэдийн сэтгэл ханамж хамгийн өндөр байдаг. Үйлчилгээ авсныхаа төлөө төлбөрөө төлөхдөө ядаж цэвэр автобусанд зорчмоор байна.
Аймгийн Авто тээврийн төвөөс энэхүү зөрчлүүдийг бууруулахын тулд хяналт шалгалтын ажлыг энэ долоо хоногт зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг ая тухтай зорчих тал дээр анхаарч аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоёр аж ахуй нэгжид зөрчлүүдийг арилгах үүрэг өгсөн байна. Мөн Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн улсын байцаагчид манай аймгийн хот доторх болон хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг газар нь дээр шийдвэрлэх арга хэмжээг авч байна. Харин бид бүхэн энэхүү ажлын үр дүнг хүлээх л үлдлээ.