Орхон аймаг бол газар нутаг хязгаарлагдмал, төвлөрөл ихтэй. Тэр ч утгаараа орон сууц барих, хотыг тэлэх асуудал хүндрэлтэй байдаг.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал үүрэгт ажлаа хүлээн авсанаас хойш өнөөдөр 100 хонож байна. Энэ хугацаанд тэрээр маш олон бодитой шийдвэр гаргаж, хөрсөн дээр буулгах эхлэлээ тавьсаны нэг нь орон сууцны асуудал. Орон сууцыг зөвхөн хотын төвд барих биш гэр хорооллын иргэдэд ойртуулж, хот төлөвлөлтийг шинэ шатанд гаргах эхлэлээ тэр тавьсан юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран Уртын гол багийн нутаг дэвсгэрт орон сууц барих бол, Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс, хөдөө аж ахуйн газрын агро паркын зориулалттай газрыг аймгийн мэдэлд авч, ТОСК-тай хамтран барилга барихаар шийдвэрлэжээ. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар төрийн албан хаагчдад зориулж, хөнгөлөлттэй үнээр орон сууц барих саналыг ч Засаг дарга дэмжин, энэ ажлыг эхлүүлэхээр боллоо.
Газрын асуудлуудаа ийнхүү цэгцэлж байгаа учраас анхаарал татсан хэд хэдэн газрыг ч нэг тийш болгох үүрэг өглөө. Тухайлбал, “Хуанлу Хуантун” ХХК 7 дугаар хороололд 7 га газар эзэмшиж байгаа бөгөөд манай аймагт 2,8 тэрбум төгрөгийн татвар төлөх учиртай аж. Энэ татвараа төлөх нь бүү хэл газартаа ямар нэгэн ажил явуулахгүй байгаа учраас аймаг эргүүлэн авах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн 10 гаруй жил газар эзэмшиж, ямар ч өөрчлөлт хийхгүй байгаа 1А болон 2А хорооллын газруудад анхаарлаа хандуулахыг Хууль эрх зүйн газарт үүрэг болголоо. Мөн 5 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зөн ОУ-ын байгууллага аймгийн өмч бүхий байрыг суллаж өгөхгүй байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо.