Ливаны өмнөд хэсгийн Кана хэмээх тосгонд өчигдөр/2020.09.22/ орой хүчтэй дэлбэрэлт болсон байна. Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн цахим орчинд тавьцгаасан бичлэгүүдээс харвал маш их хэмжээний өтгөн хар утаа, шороо өндөрт дэгдсэн нь харагдах аж. Дэлбэрэлт болсон газрыг эх сурвалжууд Хезболлах бүлэглэлийн өмч хэмээн үзэж байгаа гэнэ.
Тосгоны иргэдийн мэдээлж буйгаар дэлбэрэлт болсон газрын ойролцоо тосгоны шатахуун түгээх станц, оршуулгын газар байдаг аж. Мөн нутгийн хэвлэлийн мэдээлснээс үзвэл дэлбэрэлт Хезболлах бүлэглэлийн нууц үйл ажиллагаа явуулдаг байсан эзэмшлийн газарт болсон гэнэ.
Өөр нэг нэрээ нууцалсан эх сурвалж дэлбэрэлт завсгийн агуулахад техникийн алдаа гарснаас болсон хэмээн мэдээлжээ. Иргэдийн бичлэгээс үзэхэд дэлбэрэлтээс болж зарим барилгууд сүйдсэн харагдана.
Болсон явдлаас болж хэд хэдэн хүн шархадсан бөгөөд хохирлын талаар нарийн мэдээлэл одоогоор алга байна.