Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 15-р хурал хуралдаж, хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан биелэлттэй танилцаж байна.
“Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн хувьд цахилгаан дулаан, усан хангамж болон ариутгах татуургын чиглэлээр 50 ажил төлөвлөж, 69,6 хуийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлэл өгөв.
“Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зүгээс Орхон аймагт хийгдэх их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 46,7 хувьтай байна. Харин “Эрчим хүчний төсөл-2”-ын ажлын явцын хувьд аймгийн төвийн 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах ажлын явц 23,8 хувийн гүйцэтгэлтэй, хуучин орон сууцны цахилгаан хангамжийг сайжруулах ажлын явц 2,6 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Мөн ухаалаг тоолуур суурилуулах ажлын хүрээнд 1200 ширхэг ухаалаг тоолуурыг баталгаажуулалт хийгдэн суурилуулахад бэлэн болгожээ.
“ЭДЦС” ТӨХК өнөөдрийн байдлаар 2 зуух, 1 турбинтэй цахилгаан эрчим хүчний ачаалал тогтмол үргэлжилж байгаа талаар мэдээллэж байна. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө 71,5 хувьтай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 29202 тн буюу 50 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Хот тохижуулах газар нь авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хотын иргэд, ААНБ болон ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг хог хаягдал тээвэрлэх зориулалтын 19 автомашин, 3 механизмтайгаар ажиллаж, жилд дунджаар 130-140 мянган м3 хог хаягдал ачиж тээвэрлэдэг байна.