Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт СӨХ-дын удирдлагуудыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар хэлэлцээр хийлээ. Аймгийн хэмжээнд 34 СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тулгамдаж буй асуудал, иргэдээс ирж буй гомдол саналын талаар ярилцав.
Иргэдээс ирж байгаа гомдол, саналыг авч үзвэл, зааг заадас, дээврээс ус гоожих асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Тиймээс СӨХ-дууд энэ асуудалд шуурхайлан орох, аймгийн зүгээс тусгай ажлын хэрэгсэл, мэргэжлийн хүмүүсийн тусламж зэргээр тохирсон арга хэмжээ авч ажиллахыг Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт хэллээ.
Түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох зорилгоор ШӨХТГ болон СӨХ-ны дээд зөвлөл хамтран “Шилэн СӨХ” ажлыг зохион байгуулж байгаа билээ. Уг ажлын хүрээнд хийгдэж буй “Homebook” аппликейшныг ашигласанаар СӨХ-ны төлбөрийн задаргааг нэг бүрчлэн харах боломжтойгоос гадна иргэд төлж буй мөнгөө юунд зарцуулагдаж байгааг харах боломжтой болох юм.