-Та 2008-2012 онд Баян-Өндөр сумын ИТХ-д ажилласан. Харин одоо та юуг өөрчлөхийг хүсч, дахин нэр дэвшиж байна вэ?
-Манайхан хүний хөгжлийн тухай их ярьж байна. Тэгвэл, хүний хөгжлийг ярихдаа, манай боловсролын тогтолцоо зөв байгаа эсэхийг ярих хэрэгтэй болоод байна. Энэ сэдвээр дэлхийн 146 оронд хэлэлцүүлэг хийгээд, 2015 онд НҮБ-аас “Боловсролын тогтолцоог эргэн харах нь” гэдэг ном гаргасан. 2016 онд уг номыг ШУТИС-д орчуулахад би оролцсон юм. Яагаад энэ тухай ярьж байна вэ гэхээр, би хүний нөөцөөр олон жил ажилласан. Тэгэхэд, ажил горилж буй залуус өөрийн эзэмшсэн мэргэжлээр яаж хоолоо олж идэхээ мэдэхгүй ирж байна. Учир нь, үүнийг дээд сургуульд ерөөсөө заадаггүй. Дээд сургуульд орлоо, багш нь “за ийм эсээ бичээд ир” гэнэ, бичээд ирлээ, дүнгээ авлаа, онц төгслөө, эцэст нь ажил байхгүй. Манай сургуулиуд үнэхээр юу зааж байна вэ, өөртөө итгэх итгэлийг зааж чадаж байна уу, хүний өмнө санаагаа илэрхийлж, хүнтэй харилцах чадварыг зааж байна уу? Бас, 150 оюутан төгсгөх нь чухал юм уу, 150 хүнээс 100 нь ажилтай байх нь чухал юм уу? Сургууль төгссөн хүмүүс ажил хийнэ гэхээр заавал төрийн албанд, эсвэл аль нэг компанид ороод, ямар нэгэн албан тушаал хаших тухай л боддог. Тийм биш. Жишээ нь, Эрдэнэтэд хүн юу ч хийгээд амьдарч болох давуу тал байна. Дэд бүтэц хөгжсөн, том уул уурхайн төсөл дэргэд байна, бас аялал жуулчлал хөгжүүлье гэвэл Дархан, Хөвсгөл, Булганы бүгдийнх нь уулзвар дээр байна. Энэ том боломжийг олж хараад, заавал байгууллагад ажилд орно гэхээсээ илүү өөрөө өөртөө ажлын байр бий болгодог, эзэмшсэн мэргэжилдээ итгэлтэй, идэвхтэй, тийм л хүмүүсийг бий болгох нь чухал байна.
-Боловсролын тогтолцоог эргэж харна гээд байгаагийн учир энэ. Боловсролын тогтолцоогоо өөрчилж, сайжруулж болно. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Харин одоо, нэгэнт дээд сургууль төгсөөд ирчихсэн ажилгүй иргэдээ яаж идэвхтэй, ажлын байртай болгох вэ?
-Боломжууд байна. Эрдэнэтэд, үндсэн ажлын байр гэхэд л, 6000 хүнтэй уулын үйлдвэр, 2000 хүнтэй хивсний үйлдвэр, 1000 хүнтэй дулааны цахилгаан станц гээд том том аж ахуйн нэгжүүд байна. Үүнээс гадна зөндөөн компани, байгууллагууд байна. Гэхдээ, одоо хүмүүс ажлын тухай хуучин ойлголтоо сэтгэхүйгээсээ авч хаях хэрэгтэй. Өглөө 8.00 цагт очоод орой 17.00-д тардаг л бол ажил гэсэн үг биш. Ажил заавал тийм байхаа больчихсон. Өнөөдөр чи хүний захиалгыг хүргэх ажил хийж болно. Жижигхэн ёонкстой машинаар түлш цэнэглээд явсан ч болно. Одоо үйлчлүүлэгчид бензин колонк орж түлш авахаа больчихсон, колонк өөрөө ирдэг болсон.
Дугуй хагарлаа гэхэд дуудлагаар үйлчилгээ авчихаж болж байна. Үүний цаана ажлын байр байна. Мөн Эрдэнэтэд ахиж дагавар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа. Манайх жишээ нь “Эрдэнэ” гээд зэс гаргаж байна, зэс утас, зэс арзетка, залгуурууд үйлдвэрлэж байна. Үүнтэйгээ адил зэс хоолой үйлдвэрлэж болно. Америк, Канадад бүх байшингийн цэвэр усны хоолой зэс байдаг. Манайд бол дотроо хөнгөн цагаантай хуванцар цагаан хоолой ашигладаг. Яг стандарт нь уг нь зэс байхгүй юу. Тэгж стандартчилах юм бол, яах вэ байшингийн өртөг нэмэгдэх байх, гэхдээ зэс хоолойн дундуур явсан ус урт удаан хугацаагаар эрүүл байна. Тиймээс бид зэс хоолой үйлдвэрлээд, эхний ээлжинд байгаа бүх байшингийнхаа, тэгээд шинээр нэмэгдэж байгаа байшингийнхаа шугам хоолойг зэсээр хийх боломжтой. Зэс нь бэлэн байж байна. Катодын зэс нь гарчихсан байна, одоо зэс хайлуулах үйлдвэр барина гэж байна. Үүний цаана бас ажлын байр байна. Орхон аймгийн 23 мянган өрхийн 6000 орчим нь орон сууцанд, үлдсэн 17 мянга нь гэр хороололд амьдардаг. Тэнд жорлонгийн асуудал байна. Бохироо яах вэ, боломжтой газар нь дэд бүтэц холбоно, боломжгүй газар нь био жорлон хийгээд бохирыг нь соруулж авах арга байна. Ийм олон айлын бохирыг соруулж авна гэдэг их ажил. Тиймээс бохир сордог үйлчилгээний компани гарвал энэ чинь өөрөө ажлын байр. Дээр нь утааны, түлшний асуудал байна. Хамгийн бага зардалтай зуухыг судлаад зуухны үйлдвэр барьж болно. Тэнд дахиад ажлын байр гарна. Хамгийн гол нь энэ бүхнийг бид иргэдээр өөрсдөөр нь хийлгэж, идэвхтэй, оролцоотой байлгах ёстой юм байна. XX зуун мэдээллийн эрин зуун байсан бол XXI зуун оролцооны эрин зуун юм. Чи өнөөдөр оролцохгүй бол тооцогдохгүй. Шууд ардчилал гэдэг шиг шууд оролцоо маш чухал болоод байна.
-Канадад дөрвөн жил амьдарсан хүний хувьд, тэндээс авч хэрэгжүүлмээр санагдсан жишээнээс дурдана уу?
-Канадад дөрвөн жил болохдоо би нэг ч Засаг дарга хараагүй. Бүх юм онлайн. Үүнийг л бид эхлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа, Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаа энэ шилжилтийн үед л цэгцлээд авчих ёстой юм. Хүн заавал гэрээсээ гарч явахгүйгээр, онлайнаар хийх ажлууд зөндөөн байна. Ийм ийм ажлуудыг онлайнаар хийж болно, энийг нь чи хий, тэрийг нь чи хий гээд зохицуулаад өгчих хэрэгтэй юм. Би Канадтай холбоотой бас нэг жишээг яръя. Канадад болон Монголд хүмүүс талханд очерлож байлаа гэхэд, сүүлийн 10 талх үлдлээ шүү гэж худалдагчийг хэлэхэд канадчууд эхний 10 хүнээ үлдээгээд, бусад нь бүгд яваад өгнө, харин монголчууд болохоор арын хүмүүс нь шууд л дайрна. Би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг энэ хандлагаа бас өөрчлөх цаг болсон.
Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт бид хоёр ярилцаж ...
Тууштай чанар, зарчимч зангаараа ялгардаг Агваанчүлтэмийн ...
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ...