-Өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-д Цагаанчулуут багаа төлөөлөн сууж, Баян-Өндөр сумын Засаг даргаар ажилласан. Хоёр дахь удаагаа аймгийн ИТХ-д нэр дэвших мандатаа авсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ нь нэг талаас манай иргэдийн, намын надад өгсөн үнэлэмж. Гэхдээ үүнийг ард иргэд маань сонголтоороо баталгаажуулбал эцсийн дүн тэр болно доо.
-Нээрээ ч тийм байх. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хувьд тойрогтоо хийсэн ажлуудаас яриагаа эхлэх үү?
-Монгол орны аль ч аймаг суманд ажлын байр, орлого, төрийн үйлчилгээний хүртээмж нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал байдаг. Манай аймаг, сумын хувьд ч ялгаагүй. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт иргэдийг ажлын байраар хангах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцлөөр хангах зэрэг олон зорилт тусгасан. Үүний дагуу тойргийн иргэдийнхээ саналыг авч, гарсан саналуудыг нэгтгэж, бодит ажил болгохоор зүтгэсэн. Цагаанчулуут багийн хувьд сургууль, цэцэрлэггүй ганц баг байсан. Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 280 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг барьж, 44 иргэн ажлын байраар хангагдсан. Урьд нь сургууль, цэцэрлэгийг дандаа улсын төсвийн хөрөнгөөр барьдаг байсан бол анх удаа орон нутаг өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьсан нь бид дотоод нөөц боломжийг үр дүнтэй зарцуулсан хөрөнгө оруулалт байлаа. Мөн Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багийн дунд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилга баригдаж байна.
-Бүтээн байгуулалтын ажил гэхээр л бид том том байшин барилга байх ёстой юм шиг төсөөлдөг. Нүдэнд харагдах нь бага ч иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал гэж боддог. Ялангуяа гэр хороололд энэ их чухал асуудал.
-Яг тийм. Иргэдийн ая тухтай амьдрах боломжуудын нэгээхэн хэсэг болох явган, дугуйн, шороон, засмал зам, гэрэлтүүлэг, камержуулалт, амралт чөлөөт цагийн талбай гэх мэт ажлыг хийж байна. Одоо гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж инженерийн шугам сүлжээ татах, байшин хороололтой ижил нөхцөлд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Магистраль шугамаа татаж, эндээс салбарлаж дулаан дамжуулах төв барьсан. Энэ жил төвийн шугамыг гудамжуудад хүргэх, айл өрхүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Орон нутаг хөгжихийн тулд газар зүйн байршилдаа таарсан хотын төлөвлөлтөө хийж, батлагдсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлж хамтарч ажиллах нь чухал. Ганц хүн хичнээн мэдлэг, чадвартай сайтай байгаад үүнийг хэрэгжүүлж чадахгүй. Багаараа хамтарч, бүх хүний чадвар боломжийг нэгтгэж чадвал бидэнд чадахгүй зүйл гэж байхгүй болов уу.
-Улсын хамгийн том сумын Засаг даргын хувьд ямар томоохон ажлууд хийв?
-Дэлхий дахин глобалчлагдаж, үүнийг дагаад хотжилт эрчимжиж байгаа учраас хүүхэд, залуус хэл, соёл, ахуй, түүх, ёс заншлаасаа холдож байна. Энэ нь миний сэтгэлийг их эмзэглүүлдэг. Би өөрийгөө нүүдэлчний соёл, уламжлал, ёс заншилд ойрхон өссөн гэж боддог ч, холдож төсөөрсөөр байна. Би Увс аймгийн Хяргас сумын хүн. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, нутгийнхаа ёс заншлаар хурим найр хийхэд ахмадын заавраар, зочин гийчин зөөх, идээ зоог дөхүүлэх ойр зуурын ажилд л явж байна шүү дээ. Бид хэл бичиг, соёл, өв уламжлал, ёс заншлаа хадгалан үлдэж чадвал даяаршиж байгаа дэлхий ертөнцөд тэсэж үлдэнэ. Бусдын анхаарлыг ямагт татсаар байх болно. Монгол ёс заншил, өв уламжлал гэдэг бол тэр чигээрээ Монголчуудын сэтгэхүйн онцлогт тохирсон хүмүүжил, төлөвшил, эх оронч, үндэстний сэтгэлгээг өвлүүлэх нарийн арга ухаан шингэсэн философи. Тиймээс монголчуудынхаа баялаг өв соёл, олон ястны ёс заншлыг хадгалж үлдээх, сурталчлах, өвлүүлэхийн тулд Монгол ёс заншлын цогцолбор байгуулах ажлыг санаачлан зохион байгуулсан. Гэхдээ үүнийг төсвийн хөрөнгөөр биш, иргэдийнхээ оролцоо, дэмжлэг, хандиваар барьж, орон нутагтаа хүлээлгэж өгсөн. Хүүхэд залуус энэ цогцолбороос Монголын үндэстэн ястнуудын өв соёлыг нүдээр үзэж, мэдээлэл авч, ахуй соёлтойгоо ойртоосой гэж хүсэж энэ ажлыг хийсэн. Энд ганц бүтээн байгуулалт хийгээд зогсохгүй ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлж хамгаалахын тулд Бүрэнбүст уулын энгэрт 23000 ширхэг мод тарьсан. Хөв цөөрөм үүсгэж хашиж хамгаалах ажил хийж байна. Энэ бол миний хувь хүнийхээ хувьд орон нутагтаа, ирээдүй хойчдоо оруулсан томоохон хөрөнгө оруулалт гэж бодож сэтгэл хангалуун яваа. Магадгүй одоохондоо хүмүүс үнэлэхгүй байж мэдэх ч хожим нь үр ашгийг нь ойлгоно гэдэгт итгэдэг. Би өнөөдөрт таалагдах гэж биш маргаашийн ирээдүйд үлдэцтэй өгөөжтэй зүйл хийхийг чин сэтгэлээсээ зорьж ажилласан. Бид бүгдээрээ мэднэ дээ. Хүнсний аюулгүй байдал сэтгэл түгшээж, харанга дэгдээж байна. Нэг талд ажлын байр байна, нөгөө талд хэрэгцээ байна. Үүнийг бид хийж чадна. Тиймээс энэ хэрэгцээ шаардлага, боломжуудыг нэгтгэж шийдэхийг зорьж хүнсээ эко байлгах, жимс, ногоогоо цэвэр, эрүүл хөрсөнд тарьж ургуулах, өөрийн хүнсний хэрэгцээг хангадаг болохын тулд хэд хэдэн арга хэмжээ авсан. Энэ хүрээнд “Эко БаянӨндөр” төслийг хэрэгжүүлж, 35 бичил үйлдвэрлэл байгуулсан. Ингэснээр манай тойргийн хувьд ч, сум, аймгийн хувьд ч олон хүн ажлын байртай болсон, мөн өөрсдийн хэрэгцээний хүнсийг үйлдвэрлэдэг болсон.
-Яг ямар ямар бичил үйлдвэрүүд байгуулсан бэ?
-Сум орон нутагт байхгүй бусад аймаг, сумаас ханган нийлүүлдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдийн судалгаа гаргаж, олон үйлдвэрлэлийн санааг олж, иргэдтэйгээ хамтран ажил хэрэг болгож эхлээд байна. Төслийн анхны үйлдвэрлэл нь “Эко Баян-Өндөр” жимс жимсгэнэ боловсруулах цех. Энэ цехийн үйлдвэрлэл одоо тогтворжиж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Эрдэнэт хотын брэндийг бий болгож чадсан. Мөн бид цагаан идээ, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, артишок цай, соёолжны ундаа, модон эдлэл, эсгий урлал, барилгын материалын үйлдвэрлэл, гоо сайхан, бордоо, тэжээлийн үйлдвэрлэлтэй болсон.
-Энэ бүхэн иргэдийн орлогод тодорхой нөлөө үзүүлсэн байх?
-Аймаг, орон нутаг гаднаас хүнсний ногоо худалдаж авахгүй, дотоодын хэрэгцээг өөрсдөө хангах бүрэн боломжтой. Өнгөрсөн дөрвөн жилд өрхийн тариалалтыг дэмжин 4000 айлыг хүнсний ногооны үрээр хангаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. 40 айлыг “Монгол ногоо” төсөлд хамруулж, хашаандаа ногоо, жимс жимсгэнэ тариалах нөхцөлөөр хангаж, 600 орчим айлд жимсний суулгац олгон газар, худаг ус, хашаатай болгосон. Энэ хэрээр айл өрхүүдийн орлогын эх үүсвэр нэмэгдсэн гэсэн үг.
-Танайх Баян-Өндөр сум Худалдааны гудамжийг хариуцан ажилладаг. Тус гудамжны үйл ажиллагаа жигдэрснээр ил задгай худалдаа бүрэн цэгцэрч чадсан уу?
-Баян-Өндөр суманд ил задгай худалдаа нэлээдгүй олон газар төвлөрдөг байлаа. Энэ нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, мөн иргэд гар дээрээс чанаргүй бүтээгдэхүүн худалдаж авах эрсдэлтэйгээс гадна, эрүүл ахуйн асуудал хөндөгдөх учир ил задгай худалдааг цэгцлэх шаардлага гарсан. Цэгцлэх гэхээрээ л бид худалдаа эрхлэгч нараа боож хааж болиулах ойлголтоор бус цэгцтэй, цэвэр цэмцгэр зориулалтын цэгийг бий болгож, тэндээ худалдаа наймаа эрхлэх боломжоор хангаж өгөхийг зорьсон. Ингээд худалдааны гудамжинд 20 ширхэг киоска буюу худалдаа үйлчилгээ явуулах боломжтой ТҮЦ-ийг байршуулж эзэнжүүлсэн. Одоогоор худалдааны гудамжинд 25-30 иргэн тогтмол худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Ер нь хийж буй болон хийхээр зорьж төлөвлөж байгаа бүхэн минь ард иргэдийн төлөө гэсэн чин сэтгэлд тулгуурладаг. Бид аймаг, сум, Эрдэнэт хотоо хөгжүүлэх, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд томоохон алхам хийсэн дөрвөн жил өнгөрсөн гэж дүгнэж байна.
-Таныг улсын төсвөөр тэрбум төгрөгийн өртгөөр барьдаг спорт заалыг гурав дахин хямдхан барьсан, байраа зараад Ёс заншлын өргөөнд нэмэрлэсэн гэж сонссон? Өнөө цагт олон хүнээс ийм үйлдэл гарахгүй байх?
-2016 онд сумын Засаг даргын ажил аваад, 2017 оны төсөвт 370 сая төгрөг төсөвлөж спорт заал барьсан. Тэгэхдээ бүр бетонон шалтай биш, модон шалтай, бүрэн сендвич биш, хагас өрлөгтэй сендвич болгож, тэрбумаар барьсан заалнаас хоёр давуу талтай болгосон. Энэ ажлыг гүйцэтгэсэн компани ямар нэг ашиг хараагүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн. Онцгой тохиолдолд орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ түшиглээд, иргэдийнхээ хүчээр бүтээн байгуулалтын ажил хийж болохыг харуулсан. Одоо энэ спорт зааланд 10 төрлийн секц дугуйлан хичээллэж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулж байна. Үүнээс гадна, Соёлын төвүүдэд хичээллэж байгаа урлаг соёлын дугуйлангууд ч ийм зарчмаар ажилладаг. Хүний хөгжил хэзээд нэгдүгээрт байх ёстой. Бид хүнээ хөгжүүлж байж хөгжлийн тухай ярина. Тиймээс хүний хөгжилд чиглэсэн ажлын маань нэг хэсэг энэ. Харин “Ёс заншлын өргөө”- г иргэдийн хандиваар барихаар эхлүүлсэн. Гэтэл хандиваар хангалттай хөрөнгө цуглаагүй тул хувийн байр, машинаа зараад нэмэрлэчихсэн явдал бий. Энэ ажил миний үнэхээр зорьж, тэмүүлж эхэлсэн ажил болохоор мөнгөгүй гээд дутуу орхихыг хүсээгүй. Мэдээж дарга бүр байр машинаа зараад аж ахуйн нэгжид ашиг олгохгүйгээр ажил хийх ёстой биш. Гол нь төрд зүтгэж байгаа хүн шаардлагатай тохиолдолд ард иргэд, олны эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүрт тавьж чаддаг байх хэрэгтэй л гэж боддог. Төрд төрийн хүний сэтгэл зайлшгүй хэрэгтэй тэр цаг үед бид амьдарч байна.
-Ирэх дөрвөн жилд та Цагаанчулуут багийн иргэдээ аймгийн ИТХ-д төлөөлөхөөр нэр дэвшиж байна. Ирэх 4 жилд хийх гол ажлууд юу байх вэ?
-Бид тулгамдсан бүх асуудлаа нэг дор бүгдийг нь шийдэх боломж хараахан алгаа. Алхам алхмаар урагшилж, ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөсөн. Манай хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Хотыг утаагүй болгох, инженерийн шугам сүлжээнд бүрэн шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, хүн бүрт хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, хотын статус сэргэж байгаатай холбоотойгоор хотын иргэний соёл, хандлага, сэтгэхүйг хэвшүүлэх, хотоо “иргэнд ээлтэй-ухаалаг хот” болгох гээд ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөж, бодож яваа ажил олон бий. Үүнээс хамгийн том асуудал бол хотын инженерийн шугам сүлжээ. 40 жилийн өмнө тавьсан шугам хоолойнууд эдэлгээ муудаж хуучирсан. Энэ олон хүн нэг өдөр усгүй болбол яах вэ? Өвлийн хүйтэнд дулаангүй болбол яах вэ? гэдэг асуудал тулгарч байна. Гэтэл иргэд газар доорх хот байгууламжийн талаар ойлголт багатай, төсвийн мөнгө хэмжээтэй. Байгаа мөнгөө газар доорх байгууламжаа сайжруулахад төсөвлөчихье гэхээр иргэд “Та нар юу хийсэн юм бэ?” гэж загнаад байдаг учраас төлөөлөгчид хийсэн юмтай харагдахын тулд тоглоомын талбай байгуулж, гудамжны хонхор, хотгорт нь шороо асгахад төсвийн хэдэн төгрөгөө хуваачихдаг нь нууц биш. Нөгөө талаас нь харахаар тэр нь бас хийхээс аргагүй ажил байдаг, зовлонтой. Гэхдээ бид энийг хийх л ёстой. Би бол гудамжинд явган хүний зам тавихаасаа илүү тэнд амьдарч байгаа айлуудыг үйлдвэрлэл эрхлэгч, өөртөө ажлын байр бүтээгч болгоход түлхүү анхаардаг. Тэдэнд орлоготой байх боломжийг бүрдүүлж өгвөл, үнэхээр гудамжинд нь хэрэгтэй байгаа явган хүний замыг, гудамж, хөршөөрөө нэгдэж амьдрах орчноо иргэд тохижуулж болно шүү дээ. Харин ч иргэд өөрсдийн санаачлагаар хийсэн ажлаа чанартай хийж, хяналтаа сайн тавина. Бас хайрлаж хамгаална. Асуудал, ажлыг шийдэхдээ энэ эрэмбээр нь харахыг хичээдэг.
-Агаарын бохирдолд анхаарах цаг болсон гэж та дурьдлаа. Үүнээс гадна хот суурин газруудад хөрсний бохирдлын асуудал тулгарч байна. Танай суманд бохирдлын хэмжээг тодорхойлох судалгаа хийгдсэн гэсэн. Судалгааны дүн ямар гарсан бэ ?
-Баян-Өндөр сумын өнгөрсөн 4 жилд хийсэн бас нэгэн далайцтай ажил бол агаар, хөрсний бохирдлын судалгаа юм. Судалгаагаар нянгийн болон химийн бохирдлын хэмжээг тодорхойлон гаргасан. Гэр хорооллын багуудад нянгийн ерөнхий тоо их байгаа учир нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан эко болгох, хот төлөвлөлтөд анхаарах зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Тус судалгаанаас үндэслэн Орхон аймгийн Засаг даргын захирамжаар “Эко 00 барьсан айл өрхүүдэд урамшуулал олгох” журам батлагдаж гэр хорооллын айл өрхүүд жорлонгоо эко ариун цэврийн байгууламжаар сольж эхэлсэн сайн үр дүнтэй ажил юм.
-Төрийн ажил цаг наргүй гэдэг. Энэ их ажлын ард гэр бүл орхигдох гээд байдаг?
-Ард минь бат зогсч намайг хамгийн ихээр ойлгож дэмждэг хүн бол мэдээж миний хань. Хоёр сайхан хүүгээ зөв өсгөж хүмүүжүүлэх, гэр орны ажил, өөрийн эрхэлдэг ажил гээд бүхнийг амжуулж чаддаг найдвартай бат багана юм даа. Ажлаа авсны дараачаар л үүрийн 5 цагт гараад л шөнө дундалж ордог надад ганц удаа үг хэлж байсангүй. Эр хүн гэр орон, үр хүүхэддээ цалингаа зарцуулдаг байхад би төрөөс авсан цалингаа буцаагаад л төрд нь зарцуулчихдаг байсан юм шиг байгаа юм. Бүхнийг гэр бүлийн хүн маань л зохицуулдаг болсон байна.
-Эрдэнэт хотын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна?
-Монгол улс гуравхан сая хүн амтай, тал хувь нь нийслэлд чихцэлдэн амьдарч асуудал үүсгээд байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, бүсийн төвүүдийг хот болгож хөгжүүлэх учиртай. Тэр дундаа Эрдэнэт хот болж, бүсийн төв болж хөгжих бүрэн боломжтой. Хотын статус сэргэснээр бидний эдийн засгийн чадамж нэмэгдэж, хөрөнгө захиран зарцуулах боломж бүрдэнэ. Нөгөө талаас хотод тулгамддаг асуудлууд ч гарч ирнэ. Түүнийг давж, хотоо хот шиг болгоход хүн бүрийн оролцоо, тэр тусмаа залуучуудын оролцоо чухал. Нам гэж туйлширч суухын оронд хэнд ямар боломж байгаагаараа нэгдээд ажиллавал хот маань хөгжихөд бэлэн байна. Зориуд давтан хэлэхэд хотоо хот шиг байлгахад иргэн бүрийн оролцоо чухал. Нэг шилэн хорго хийгээд тавьдаг, тэр нь маргааш нь хагарчихаад байвал ямар хэрэг байх вэ. Дээр нь хотынхоо ирээдүйг баталгаатай болгоё гэвэл зөвхөн уул уурхайгаас хараат биш,шинжлэх ухаанд суурилсан өөрөө үйлдвэрлэгч хот болж, үйлдвэрүүд нь эдийн засгийн хөгжлийн үндэс болдог ирээдүйг бий болох ёстой. Тэгж чадвал Эрдэнэт хот хөгжих боломж бүрэн дүүрэн байна. Ирээдүй ч гэрэлтэй байна. “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсыг, манай хотыг өдий зэрэгт хүргэхэд том хувь нэмэр оруулсан буянтай байгууллага. Буурал уулын буян хишиг их. Гэхдээ ганц үйлдвэрээр хэдэн жил торгоох вэ? Энэ бол байгалийн шавхагддаг нөөц. Бид одоо ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй. Үүний тулд өрх бүр үйлдвэрлэгч болж, хөдөлмөрлөж, уул түшсэн үйлдвэртэйгээ зэрэгцээд хотоо хөгжүүлэх хүч болох ёстой. Тэгэж байж хотын маань эдийн засаг бэхжинэ. Мэдлэг, чадвартай сайн боловсон хүчин бэлтгэхээс гадна, зөв хандлагатай, чин сэтгэлээр ажиллах, соёлтой иргэд хамгийн чухал. Суурь боловсролынхоо чанарыг сайжруулах, дэлхийн боловсрол, туршлагаас нь суралцах хэрэгцээ байна. Бид тогоон дотроо эргэлдээд л байвал техник, технологи, мэдээ мэдээллийн хөгжлөөс хоцорно. Харин дэлхийд гарвал өөрийгөө бусадтай харьцуулж урагшилна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын асуудал хэзээд нэг номерт байдаг.
-ИТХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага ч гишүүн нэг бүрийн санал үнэтэй, нөлөөтэй. Та дахин сонгогдвол Эрдэнэт хотын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод бодит ямар өөрчлөлт оруулж чадах вэ?
-Хотын төлөвлөлт, газар зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Манай хот гурван зүгт нутаг дэвсгэрээр тэлэх боломжтой. Харин тэлэхдээ гэр хорооллоор биш орон сууцжуулах бодлого баримтлах, үүний тулд иргэдийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Мянган орон сууц бариад, иргэд худалдаж авч чадахгүй бол яах билээ. Аймгийн ИТХ бол бодлого боловсруулдаг байгууллага. Тэндээс гарч байгаа бодлого, шийдвэр иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн байвал илүү үр дүн гарна. Иймд иргэдээс гарсан санал санаачилгыг нэгтгэж, бодит байдлыг судалж, шинжлэх ухаанчаар тооцоолж, төлөвлөж ажил хэрэг болгох, хөрөнгө мөнгийг нь шийдэхэд хуулийн дагуу олон нийтийн эрх ашгийн үүднээс ажиллах нь бидний үүрэг. Энэ чиглэлээр түлхүү ажиллана даа.
-Эрдэнэтийг Хангайн бүсийн тулгуур төв болгох зорилт нэг л урагшлахгүй байх шиг?
-Харин ч 2016-2020 онд энэ ажил овоо урагшилсан шүү. Аймгийн Засаг даргын санаачилгаар Шинжлэх ухаан технологийн парк байгуулах ажлыг эхлүүлсэн. Үүнийг дагаад үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл хөгжсөнөөр олон хүн ажлын байртай болно. Зэргэлдээ аймгийн иргэд малын гаралтай түүхий эдээ нийлүүлдэг болно. Хангайн бүсийн тулгуур төв болох явц нэг алхам урагшилсан гэж харж байна.
-Төр, иргэний хооронд үл ойлголцол үүсгэдэг зүйл бол хүнд суртал. Үүнээс салах гарц нь цахим шилжилт гэж үзэж Засгийн газар ажиллаж эхэлсэн. Эрдэнэтийг цахим хот болгох ажил мөн эхэлсэн гэж ойлгосон.Таны бодол?
-Эрдэнэт хот “Цахим хот” болох боломжтой. Төрийн байгууллагууд цахимжсан. Бид байгууллагуудын хооронд цаас зөөж гүйхээ больсон. Цаг хугацаа, бичиг цаасны зардал хэмнэсэн, Засаг даргатай л уулзаж асуудлаа шийднэ гэдэг хандлага багассан зэрэг эерэг үр дүн гарч байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлж, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цахим болгох бүрэн боломжтой. Төрийн байгууллагаас авдаг бүх тодорхойлолтын судалгааг хийгээд, програмчлах ажил явагдаж байна. Бид иргэдээс авдаг саналаа цахимаар авах зэргээр бага багаар шилжиж байна.
-Ажил хийхэд баг маш чухал. Та ер нь багаа яаж бүрдүүлдэг вэ? Манай зарим дарга нар танил тал, фракцын хүн гэх мэтээр халаа сэлгээ хийж, төрийн ажлыг нэлээдгүй завхаруулдаг санагддаг.
-Ажил хийх сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай хүнийг л сонгодог. Үүнд нам, танил тал, ураг садны холбоог хутгахыг хүсдэггүй. Ингэвэл ажил явахгүй. Энэ зарчмыг л барихыг хичээдэг. Ийм ч баг бүрдэж чадсан гэж боддог. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэдэг. Аливаа амжилт бүхний ард хүчээ нэгтгэж нэгдэж чадсан баг хамт олон зогсдог нь туйлын үнэн. Энэ дашрамд хэлэхэд өнгөрсөн 4 жилд Цагаанчулуут багаас иргэдийн төлөөлөл болон сонгогдож тухайн багийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж яваа аймаг, сумын төлөөлөгчид болон багийн ажлын албаны хамт олноороо бахархдаг. Бид ам нэгтэй, амь нэгтэй хамтарч ажиллаж чаддаг учраас энэ их бүтээн байгуулалтын ажлууд баг дээр маань хийгдэж чадсан гэж боддог. Мөн Монгол Улсын хамгийн том сумыг удирдаж яваа хүний хувьд баг хамт олон гэдэг хамгийн чухал. Надад итгэж, намайг хүндэлж, хазайхад минь түшиж, хальтрахад минь тулж яваа гол хөдөлгүүр минь миний хамт олон. Тэднийгээ хаана ч өмөөрч хамгаалж айлаар бол аав хүн шиг л явдаг даа.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Иргэддээ хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хүргэх боломж олгосон танд ч баярлалаа. Миний хувьд төрд ажиллана, төр ард түмний төлөө зүтгэнэ гэж сонголт хийснээс л хойш энэ эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг эрхэм болгодог. Үүнийгээ ч биелүүлэх гэж хичээж явна. Хэт их ярьснаар сайн түшээ болдоггүй. Харин юу хийж чадсанаараа ард түмэндээ үнэлэгддэг гэж боддог. Тиймээс ч өнгөрсөн хугацааны ажлыг маань үнэлж намайг дахин ИТХ-д нэр дэвшүүлсэн гэж итгэж байна. Би цаашид зорьсон, санаснаа бүрэн хэрэгжүүлэхийн тулд хичээх болно. Ард иргэд маань итгэл үзүүлбэл хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэн зүтгэх болно.
Тууштай чанар, зарчимч зангаараа ялгардаг Агваанчүлтэмийн ...
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ...
МАН-аас Орхон аймгийн ИТХ-д Дэнж багаас нэр дэвшигч ...