-Та орон нутгийн ИТХ-д Цагаанчулуут багийнхныг төлөөлж гурван удаа ажилласан. 2016-2020 онд Орхон аймгийн ИТХ-д ажиллахдаа ямар асуудалд голлон анхаарч, юу бүтээв. Мөрийн хөтөлбөр хэр биелсэн гэж дүгнэж байгаа вэ?
-Мөрийн хөтөлбөр 100 хувь биелсэн гэж дүгнэж байгаа. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН олонх болж, намын мөрийн хөтөлбөр Засаг даргын мөрийн хөтөлбөр болсноос хойш Цагаанчулуут багт аймгийн болон улсын төсвөөс 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 280 хүүхдийн цэцэрлэгийг 100 хувь орон нутгийн төсвөөр барьлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй гэртээ байсан 280 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Үүнийг дагаад 50 гаруй ажлын байр нэмэгдсэн. Уртын гол, Рашаант багийн хүүхдүүд мөн энэ цэцэрлэгт хамрагдсан. Дараагийн томоохон хөрөнгө оруулалт нь Орхон аймгийн цэвэр усны нөөц газар дээр байгуулж буй “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн. Цэвэр усны нөөц газраа хамгаалахын зэрэгцээ иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, ая тухтай өнгөрүүлэх спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байна.
Аймгийн энэ бүтээн байгуулалтыг иргэд маш тааламжтай хүлээж авч байгаа. Монгол улсад анх удаа ногоон байгууламжтай, явган хүний болон дугуйн замтай дөрвөн эгнээ зам байгууллаа. Мөн Залуучуудын ордныг орон нутгаас анх удаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт байгууллаа. Залууст сурч хөгжих, бизнесээ эхлүүлэх боломж олгох бүх зүйлийг энэ ордонд шингээсэн. Эрдэнэт хот 108 мянган хүн амтай, үүний 70 шахам хувь нь залуус учраас энэ бүтээн байгуулалт зайлшгүй шаардлагатай байсан. Дээрх хоёр бүтээн байгуулалтыг улсын төсвөөр хийлээ. Үүнээс гадна багийн иргэдийн гаргасан санал, санаачилгыг онцгой анхаарч, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд гэрэлтүүлэг, явган хүний болон авто зам, шороон зам, камержуулалт гээд олон ажил хийсэн. 2016 оны мөрийн хөтөлбөрийн маань цөм нь хүний хөгжил байсан. Энэ хүрээнд “Анхдагч”, “Ач санах”, “Багш”, “Эмч” гэх мэт 18 дэд хөтөлбөр боловсруулсан. Багш, эмч, хууль хяналтын байгууллагынхан төрийн албан хаагч хэдий ч өөрсдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Хүний төлөө л ярихаас өөрийнхөө асуудлыг ярьдаггүй тэдний орхигдсон асуудлыг олж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн нь иргэдийн амьдралд өгөөжөө өгсөн. Тийм ч учраас иргэд “Энэ хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй, үр дүнгээ өгч байна” гэсэн зүйл хэлж байгаа. Мөн тогтмол ажлын байр, тогтмол орлого гэдэг зүйл иргэдийн олонхын өмнө тулгамдаж байгаа учраас бид өнгөрсөн дөрвөн жилд “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Төрөөс олгож буй боломжийг эрдэнэтчүүддээ аль болох хүртээмжтэй хүргэх, өрх бүрт ажлын байр бий болгох нь энэ хөтөлбөрийн зорилго. Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр ХЭДС-д 200-300 сая төгрөг тавьж, уг хөтөлбөрөө санхүүжүүлсэн. Гэртээ оёдол хийгээд, амьдралдаа дэм болох боломжтой хүн байвал түүнд оёдлын машиныг нь өгье. Өөр нэг нь оёдлын машинтай хэрнээ юмаа оёод суух газаргүй бол ажлын байр гаргаж өгье. Төрд дараа болохгүй өөрийгөө аваад явдаг сайн иргэдийнхээ өрхийн бизнесийг дэмжье гэж зорьсон. Энэ хүрээнд тодорхой төсөлтэй хүмүүсийг сонгон шалгаруулж, хоёр сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээлийг олгож эхлээд байгаа. Иргэдийн орлого нэмэгдэж, өрхийн орлого чанаржвал бусад аж ахуйн нэгжийн орлого ч чанаржина. Энэ мэтийн олон ажлыг хамт олон, журмын нөхөдтэйгөө хамтран хийсэн.
-Ирэх дөрвөн жилд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэрхэн ажиллах вэ?
-Эрдэнэт хотын өмнө тулгамдаж буй томоохон асуудал нь үер усны хамгаалалтын байгууламж. Хот маань уулархаг газар байрладаг учраас үерт өртөж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах аюул өндөр. Тиймээс Европын сэргээн босголт банктай хамтарч гэр хорооллыг үерийн далантай болгох ажлыг нэн тэргүүнд хийнэ. Мөн 40 гаруй жил хотын усан хангамжийг авч явсан төмөр хоолойнууд ерөнхийдөө муудаж, Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээ хүүхдийн зулай шиг нимгэн болсон. Хүний нүдэнд харагдахгүй хэрнээ амьдралын өдөр тутмын хэрэгцээ, шаардлагыг хангаж байдаг инженерийн байгууламжийг засварлах зайлшгүй шаардлагатай байгаа. Хүний судас бөглөрөхөөр бусад эрхтэн гэмтдэг шиг инженерийн шугам сүлжээгээ сайн цэвэрлэж, засаж, шинэчилж байхгүй бол нэг л өдөр хот хөлдөх, ус, тоггүй болох аюул нөмөрнө. Хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсролын чанарыг дээшлүүлэх, амьжиргааны баталгаажих түвшнээс дээгүүр орлоготой болгох зэрэг асуудал бүгд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ.
МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, зорилт Монгол улсын эдийн засгийн бодлого, Орхон аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримттай яв цав нийцсэн, хоосон амлалт, хууран мэхлэлтгүй хөтөлбөр байна гэж аудитын байгууллага дүгнэсэн. Тиймээс Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана. Манай тойрог ерөнхийдөө дэд бүтэц сайтай. Бүтэн тойрог зам, инженерийн шугам сүлжээтэй. Цаашид багаа барилгажуулж, гэр хорооллоо дахин төлөвлөлтөд оруулахад онцгой анхаарч ажиллана. Зарим нэг газарт сургуулийн хүрэлцаа тааруу байгаа. Түүнийг ирэх оны төсөвт суулгаад хийлгэнэ. Иргэд ямар санаачилга гаргаж ирүүлэх нь тухайн тойрогт нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдөд маш чухал. Гаргасан саналынхаа хойноос иргэд хөөцөлддөг, төлөөлөгчидтэйгөө хамтарч ажилладаг байх ёстой.
-Орхон аймаг цахим шилжилт хийх эхлэлээ тавьсан, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг анхны аймаг болох ирээдүй Орхон аймагт байна гэж харж байгаа?
-Иргэдийг хамгийн их бухимдуулдаг, төрийг муухай харагдуулдаг гол хүчин зүйл нь иргэн, төрийн албан хаагч хоёрын харилцаа. Үүнийг шийдэх арга зам нь цахим шилжилт.Төрийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Иргэд ажил хөөцөлдөхийн тулд багаас эхлээд сум, аймгийн бүх байгууллагаар орж, мэргэжилтэн бүртэй уулзаад, ааштай ууртай, дарга цэрэг хүмүүсийн царай харж, гуйлга гуйж байгаа мэт толгой бөхийж явахгүйгээр технологи ашиглаад асуудлаа шийдчихдэг болвол хичнээн сайхан. Энэ боломжийг бий болгох эхлэлийг Эрдэнэт хотынхон тавьсан. Эрдэнэтийн төрийн байгууллагуудад и-оффис хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа. Одоогоор 80- аад байгууллага нэгдсэн программд холбогдоод, түүгээрээ ажлаа явуулж хэвшсэн. Өөрөөр хэлбэл, бие бие рүүгээ цаас чулуудаж суухаа больсон, цахимаар бүгдийг хийдэг болсон. Интернэтийн сүлжээтэй л байвал албан хаагчид ажлын байрнаасаа гадна явж байсан ч, хөдөө орон нутгаас ч ажлаа хийх боломжтой. Энэ хөтөлбөрөө үргэлжлүүлж, иргэд гэрээсээ, ажлын газраасаа, нийтийн тээвэрт явж байхдаа гар утсаараа төрийн үйлчилгээг авдаг болох нь бидний гол зорилго.
-Амжилт бүхний ард гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байдаг. Та гэр бүлээ танилцуулна уу?
-Миний хань бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Бидний хүүхэд ахуй, залуу халуун нас, аав ээж болсон, анхны гэсэн бүх зүйл Улаантолгойн сангийн аж ахуй, Жаргалант сумтай салшгүй холбоотой. Сайхан нутаг, сайхан ард түмэн, сайн аав ээж, найз нөхдийн зөвлөгөө дэмжлэгээр өдий зэрэгтэй амьдарч яваадаа баярладаг. Амьдралын бат түшиг, ар тал болдог ханийн минь халамж, зөвлөгөө надад их түшиг болдог. Манайх дөрвөн хүүтэй. Том хүү минь 1995 онд Орхон аймгийн Жаргалант суманд мэндэлсэн. Удаах нь 1999, 2010, 2015 онд төрсөн. Их эд хөрөнгө, том албан тушаалын хойноос манай гэр бүл хөөцөлддөггүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөр бүтэн, гэдэс цатгалан, хүүхдүүд минь эрүүл саруул байгаасай гэж залбирч явдаг гэр бүлийн нэг гишүүн.
-Нэр дэвшигчийн хувиар сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?
-Ажиллана, зүтгэнэ. Нас залуу байна. Би Цагаанчулуут багт дөрвөн удаа багийн Засаг даргаар сонгогдож, 16 жил ажилласан. Намайг ажиллах хугацаанд баг маань улсын тэргүүний багаар шалгарч байлаа. Аймгийн ИТХ-д Цагаанчулуут багаасаа гурав дахь удаагаа сонгогдчихоод, 2020 оны сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна. Би тойрог сольж, нааш цаашаа гүйгээд байдаггүй. Унавал тэндээ уная, босвол тэндээ босъё гэсэн бодолтой. Эрдэнэтийнхэн намайг Цагаанчулуутын Түвшинжаргал л гэдэг. 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож, өрнүүн ажилтай дөрвөн жилийг амжилттай давсан минь төрийн захиргааны анхан шатны нэгжид 16 жил бэлтгэгдсэний ач. Олон түмний дэмжлэг, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй, худлаа ярихгүй, хуурахгүй, боловсрол, мэдлэг чадвар бүхнээ дайчилж ажиллана гэсэн бодол байна. Улстөрч хүн тойрогтоо эргээд очиход нэг бол онц авдаг, эсвэл муу авдаг, аргалж байгаад эх орны алтан гурав авна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс гэрийн даалгавраа сайн хийж онц авахын төлөө ажиллана. Тэгэхдээ ганцаараа биш, ганц хүний гавьяа гэж байхгүй. Хамт нэр дэвшиж байгаа ирээдүйтэй залуустайгаа, Ганцогт, Мөнхзаяа, Эрдэнэбаттайгаа гар нийлэн ажиллана. Зүтгэнэ. Алдаа мадаг гарвал минийх, ололт амжилт нь олон түмнийх байх ёстой гэж боддог
Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт бид хоёр ярилцаж ...
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ...
МАН-аас Орхон аймгийн ИТХ-д Дэнж багаас нэр дэвшигч ...