Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 04-р сарын 29
Хөрөг/ярилцлага

Баасангийн Отгонбат: Зэст баг ирэх онд өөрийн гэсэн байртай болно

Баасангийн Отгонбат: Зэст баг ирэх онд өөрийн гэсэн байртай болно
12 October

-Та Зэст багаас 2016 онд аймгийн ИТХ-д сонгогдсон. Өнгөрсөн дөрвөн жилд багтаа ямар ажил хийсэн талаараа товч дурдана уу.

-ИТХ-д нэр дэвшихдээ иргэдтэй уулзаж, саналыг нь нэгтгэж авсан. Манай нэгдүгээр микр буюу “Зэст” багийн барилгуудыг хамгийн анх барьсан тул насжилтаас шалтгаалж дээврийн дусаалга хамгийн тулгамдсан асуудал болсныг иргэд тэр үед хэлж байв. Иймээс 42 блок дээврийг засварласан. Олон жил ашиглаж муудсан учраас цэвэр усны шугам хоолойг солилоо. Байрнуудын дундах бохирын шугамын насжилт өндөр болсон тул 2021 оноос засахад анхаарч ажиллана. Мөн хүүхэд, залуус, ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх гадна талбайн тохижилтын асуудал тулгарч байсан бол одоо “Зэст” багийн бүх байрны гадна тоглоомын талбайтай болсон. 1-1, 1-19 байрны гадна талбайн тохижилт хуучирсныг шинэчилнэ. Явган хүний зам талбайн хувьд шийдээд, цэгцэрч байгаа. Иргэдээс багийн байртай болмоор гэсэн санал ирүүлж байсан юм. Мөн манай хэсгийн цагдаа байргүй. Багийн таван давхар байр барих төсвийг улсын төсвийн хөрөнгөөр шийдүүлсэн. Үүнд багийн Засаг даргын Ажлын алба, цагдаагийн хэсэг, ахмадын хөгжлийн төв байрлана. ИНХ хурал цуглаан хийх боломжтой болно. 21 дүгээр цэцэрлэгийн халаалт, вакум цонх, гал тогооны өрөөний агааржуулалтыг шийдүүлсэн. Энэ жилийн хөрөнгө оруулалтаар хөнжил, зөөлөн тоглоом зэргийг авсан. “Оюу” цэцэрлэгийн байр анх цэцэрлэгийн зориулалттай байгаагүй учраас аваарын шат, вакум цонх, дээврийн засвар, дотоод тохижилтыг нь шийдлээ. Зургадугаар бага сургуулийн гадна талбай, доторх тохижилтыг нь шийдэж байна. Урд хэсэгт нь нэмж давхар барих боломжтой. Үүнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулган, нэмж давхар баривал номын сантай болох боломж бүрдэнэ. Иргэд орцны хаалгыг кодтой болгох, засвар, тохижилт, камер суурилуулах зэрэг санал ирүүлж байгаа. Ирэх жилээс камер суурилуулна. 2016-2020 онд байрны хогийн цэгүүдийг нэгдсэн байдлаар шинэчилсэн зэрэг 108 төрлийн хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлүүллээ. Ер нь иргэдийнхээ жаргал, зовлонг хуваалцаж, бүгдэд нь хүрч ажиллахыг хичээдэг. Шийдвэрлэх асуудлыг санал асуулгаар цахимаар нээлттэй авч, хамгийн их санал авсныг нь эрэмбэлэн, цааш нь уламжилж, шийдүүлж ажилладаг.

-ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны даргаар дөрвөн жил ажиллахдаа та юунд анхаарсан бэ?

-Манай хороонд татвар, даатгал, төлбөр тооцоо, Төрийн сан зэрэг 13 салбар хамаардаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд санхүүч нарыг чадавхжуулах, туршлага солилцох зорилгоор Төрийн сан, Орхон аймаг дахь мэргэшсэн нягтлан бодогчдын холбоотой хамтран сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг төсөвт байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд мэдэж, хэрэгжүүлж байна уу гэдэгт хяналт тавилаа. Мөн шилэн дансны хэрэгжилтэд анхаарч, төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийсэн. Анх алдаа дутагдал гарч байсан бол одоо багассан. Жишээ нь, нэг хүн хоёр цэцэрлэг, төрийн өмчит үйлдвэрийн газрын нягтлангаар ажиллаж байсан тул Төрийн сангийнхантай ярилцан, орон тоог нь нэмэгдүүлсэн. Хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг газар дээр нь үнэлж, дүгнэн, чанартай гүйцэтгүүлэхээр шаардлага тавьсан. Гүйцэтгэгч компани татвар төлөгчдийн мөнгөөр ажил гүйцэтгэхдээ чанаргүй хийвэл би нэлээд шүүмжилдэг. Эдийн засгийн мэргэжилтэй болохоор зардлын тооцоог нь нягталдаг. ИТХ-ын дараа оны төсөвт дүгнэлт, шинжилгээ хийж танилцуулдаг. Аль зардлыг хэмнэсэн, алийг нь хэтрүүлсэн байна гэдэгт дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол анхааруулдаг юм. Сүүлийн жилүүдэд Орхон аймагт бодит төсвөөр чанартай ажлууд хийж байгаа.

-Орхон аймагт ажлын байр нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-Хүнээ хөгжүүлж, сайхан амьдрахын тулд ажлын байр бий болгох ёстой. 2016-2020 онд ИТХ-аас “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2017 онд “Эрдэнэт-Шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ байгуулсан. Электрод, 22 төрлийн усан суурьт будаг, хар замаск үйлдвэрлэж байна. Үүнээс олсон орлогыг гарааны бизнест хүүгүй, барьцаагүй зээл олгон дэмжиж буй. Мөн УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрдэнэтэд катодын зэсийн зэрэг гурван үйлдвэр барихаар тусгуулсан. Ташрамд хэлэхэд, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд зээлийн хүүг бууруулахаар хэлэлцэж буйг зөв гэж үзэж байгаа. Зээлийн хэмжээг нэмэгдүүлж, бага хүүтэй олговолхувийн хэвшлийнхэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлчихнэ. Зээл авахад тавьдаг шаардлагыг ч цөөлөх хэрэгтэй.

-Цаашид Эрдэнэт хотод ямар бүтээн байгуулалт хийх шаардлагатай вэ?

-Нийтийн тээврийн нэгдсэн авто вокзалтай болох ёстой. Одоо бол I микрт “задгай” вокзал байгаа. Ямартай ч нийтийн бие засах газартай болгосон. 2021 оноос нэгдсэн авто вокзалтай болбол иргэд тав тухтай үйлчлүүлж, хулгайн тээврийн асуудал цэгцэрч, орон нутагт төвлөрөх орлого ч нэмэгдэнэ. Эрүүл ахуйтай холбоотойгоор хүнсний захыг хотоос зайдуу байлгах нь зөв гэж үздэг. Хэрэв малын гаралтай ямар нэг өвчин гарвал хотын төвд карантин тогтоох уу гэдэг асуудал үүснэ шүү дээ.

-Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юу?

-“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин”, “Ачит ихт” үйлдвэрийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, тэсэлгээ яаж хийдэг, хүдрийг хэрхэн баяжуулж, яаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг харуулж болно. Өндөрлөг, цэцэрлэгт хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр, Монголд хоёрхон байдаг хивсний үйлдвэрийн нэг “Эрдэнэт хивс”, хиймэл нуур манайд бий. 21 аймгийн дурсгалт газрыг бүгдийг нь “шингээсэн” “Хөх Монгол цогцолбор” байна. Эдгээрийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Өндөрлөг орчимд хүмүүс архидан согтуурах тохиолдол гардгийг болиулахаар төлөвлөж байна. Орхон аймгийн А1 замаар дайран баруун аймгууд руу явдаг. Хөвсгөл далайг олноор зорьдог гадаад, дотоодын жуулчид манайхаар дайран өнгөрөхдөө өнжвөл эрдэнэтчүүдийн орлого нэмэгдэнэ. Томоохон зочид буудлуудаа олон улсын зэрэглэлтэй болгож, үйлчилгээ, чанарт нь анхаарах хэрэгтэй.

-МАН-аас “Хүний хөгжил-Эрдэнэтийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулж буй. Уг хөтөлбөрт ямар чиглэлүүдийг тусгасан бол?

-Үндсэн найман зорилт тусгасан. Үүнд эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжил, эрүүл хүнс, цэвэр орчин, ногоон хөгжил, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын шинэ бодлого зэргийг дурдаж болно. Монгол Улс хүнээ хөгжүүлж, харилцаа, хандлагаа өөрчилж байж дэвжинэ. Нэг хэсэг нь хийж бүтээн, нөгөө хэсэг нь шүүмжилдэг байж болохгүй. Сайн зүйлийг дэмжээд явах хэрэгтэй. Хүн хөгжихийн тулд боловсролтой, эрүүл байх ёстой. Тиймээс эрүүл мэндийн салбарт анхаарах нь зүйтэй. Монгол өв уламжлал, өв заншилдаа анхаарч, сургалтын хөтөлбөрт оруулах нь зөв гэж боддог. Залуус ажлыг аргацааж өнгөрөөх гэлгүй, сэтгэлтэй, зөв хандлагатай, харилцаа сайтай байх нь чухал

Холбоотой нийтлэл